Дэлхийн томоохон агентлагууд “нударга” хочтой улстөрч Монгол Улсын Ерөнхийлөгч болсон тухай мэдээлжээ

200 орчим жилийн түүхтэй дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын нэг Agence France Presse (AFP) өнөөдөр Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон тухай мэдээлжээ.

Ингэхдээ сонгуульд ялалт байгуулсан МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг 2012 онд парламентын нэг гишүүнийг зодсоныхоо дараа “нударга” хочтой болсон гэж онцолсон байна.

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй адил цээж нүцгэн, ангийн буу үүрсэн байдалтай авхуулсан гэрэл зургаараа алдаршиж байсныг мэдээлжээ.

Гэхдээ У.Хүрэлсүхийг сүүлийн жилүүдэд энэхүү биеийн хүч чадал, түрэмгий зан чанараараа бахархах “мачо” имижээсээ салах гэж хичээж байгаа тухай бичсэн байна.

AFP мэдээндээ бас Монгол Улсын коммунизмаас ардчилсан нийгэмд шилжиж буй сүүлийн 30 жилийн түүхийг тайлбарлаж, өнөөдрийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч өгүүлжээ.